Монголчууд хилмэгдүүлэлтийн үеэс өмнө хэдэн зуун нэр төрлийн ургамал, үр тариа тарьж хэрэглэдэг байсан гэдэг. 13-р зууны үеэсээ л хүчирхэг Монголчуудын төгс билиг оюунд нь хооллолтын нарийн ухаан багтсан байдгийг тэр үеийн гадны судлаач шинжээчид хүртэл ажиглалт хийж дүгнэсэн байдаг.
Харин өнөө үед тэрхүү агуу ухаан нь алдагдсанаас амьдралын хэв маяг, үзэл суртал, хооллолтын дэглэм нь хүртэл орвонгоороо эргэж өнөөгийн эрүүл бус нийгмийг цогцлоожээ. Кэмбрижийн Их Сургуулийн Фүмиаки Имамүра доктороор ахлуулсан дэлхийн судлаачдын гаргасан "Хамгийн эрүүл хоолтой улс үндэстэн" судалгаагаар 187 орны хүн амын хооллолтыг сүүлийн 20 гаруй жилийн турш судласан дүгнэлтээр Монгол улс эрүүл бус хооллодог улсуудын жагсаалтанд 3-т бичигдсэн байна. Энэ бол бид эртний өвөг дээдсийнхээ уламжлалыг алдсаны батлагаа юм.
Монголчуудын дундаж наслалт болоод нас баралтын гол шалтгаан, нийтлэг өвчлөлүүдийг авч үзэхэд дийлэнх нь буруу хооллолтоос үүдсэн байдаг. Харин амь нас, эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэйг ойлгосон хүмүүс эрүүл зөв хооллолтыг чухалчилдаг болсон нь сайшаалтай. Мөн цахим сүлжээгээр дамжуулж хоол зүйн талаарх мэдээллүүдийг их бага хэмжээгээр олж авч амьдрал ахуйдаа хэрэгжүүлж байгаа нь цахим сүлжээний бидэнд олгож байгаа нэгэн том давуу тал юм.
Олон нийтийн фэйсбүүк сүлжээ дахь "Хооллохуйн Шинжлэх Ухаан" пэйж хуудсаа нээгээд төд удалгүй хэдэн мянган хандалт авсан нь Монголчууд хооллолтонд хичнээн их анхаардаг болсны нэгэн илрэл юм. Фэйсбүүк хуудас болоод, энэхүү вэб хуудсаараа дамжуулж бид амьдралдаа хэрэгжүүлэхэд энгийн хялбар хоол зүйн шинжлэх ухаанч мэдээллүүдийг хүргэх болно.
Эш татсан сурвалж: ТҮРҮҮ ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ШИНЖЛЭХ УХААНЧ МЭДЛЭГ
No comments:
Post a Comment