Saturday, June 18, 2016

Оливын тосыг хэрхэн ялгаж хэрэглэх вэ?

Оливын (чидун жимс) тос нь  оливын төрлөөсөө бус боловсруулах аргаасаа шалтгаалж өөр өөр төрөлтэй байдаг.
Та ажигласан бол ихэнх "extra virgin" буюу оливын онцгой цэвэр тос нь гүн өнгөтэй байдаг бол энгийн оливын тос нь цайвар өнгөтэй байгаа. Өнгөний энэ ялгаа нь тосны өөр өөр үйлдвэрүүдээс хамаарах нь бий ч мөн төөрөлдүүлэх гэсэн оролдлого ч байж болно. Тиймээс та тосоо өнгөөр нь ялгаж сонгохыг бүү урьтал болгоорой.


Цэвэршүүлсэн болон цэвэршүүлээгүй оливын тос (Refined & Unrefined Olive Oil)

Оливын тос нь цэвэршүүлсэн ба цэвэршүүлээгүй гэсэн үндсэн 2 төрөлтэй. Цэвэршүүлээгүй тос нь ямар нэг өнгө үнэр амт нэмээгүй буюу өөрийн цэвэр чанараа хадгалсан байдаг бол цэвэршүүлсэн тос нь халуун шахалтаар боловсруулагдсан ба цайруулагдсан, үнэр нэмэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл цэвэршүүлсэн оливын тос нь өөрийн өнгө, үнэр, амтаа алдсан буюу цэвэр оливын тосны маш бага концентраци агуулагддаг гэсэн үг юм.

Цэвэршүүлсэн тос нь цэвэршүүлээгүйгээсээ ялгагдах нэг гол зүйл бол оливын тосны онцлог болох хэт исэлдлийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ дутмаг байдаг.

Экстра виржин оливын тосны тухай (Extra Virgin Olive Oil)

"Extra virgin" оливын тос нь цэвэршүүлээгүй тос бөгөөд хамгийн дээд чанарын тос юм. "Extra virgin" зэрэглэлийн тос гаргахын тулд тодорхой стандартыг хангасан байдаг. Ийм тосыг гаргаж авах явцад оливын жинхэнэ амтыг хадгалсан байх ба бусад тосыг бодвол харьцангуй бага тосны хүчил агуулагдсан байна. Мөн чидун жимсэнд байх байгалийн амин дэм болон эрдэс бодис илүүтэй агуулагдана.

"Extra virgin" цэвэршүүлээгүй оливын тос нь ямар нэг химийн найрлагагүй мөн температурын өөрчлөлтөнд ороогүй буюу хүйтэн шахалтын аргаар гаргаж авсан тос юм. Тосны хүчлийн хэмжээ нь 1%-иас илүүгүй байх ба ерөнхийдөө алтлаг ногоон өнгөтэй байдаг.

"Extra virgin" оливын тос нь бага ууршилттай байдаг тул хоолонд хэрэглэхдээ маш бага хэмээр халаах хэрэгтэй. Хүйтэн зууш, сүмс, соусанд хийх талханд дүрэх зэргээр тухайн тосны үнэ цэнэтэй чанарыг нь хэвээр хадгалан хэрэглэвэл туйлын сайн. Харин халаах, шарахад хэрэглэвэл үнэ чанар нь багасна.

Виржин оливын тосны тухай (Virgin Olive Oil)

Чанараараа дараагийн зэрэглэлд орох тос нь виржин оливын тос юм. Цэвэршүүлээгүй энэхүү тосыг дээр дурьдсан экстра виржин оливын тосны адилаар гаргаж авдаг ба мөн адил химийн найрлага, температурын нөлөө ороогүй байдаг. Экстра виржин тосоо бодвол арай их тосны хүчил агуулсан мөн чидун жимсний хурц амт нь арай бага байна. Энэ тос нь худалдааны төвүүдээр тэр болгон таараад байдаггүй, ховор тохиолдоно.

Экстра виржин болон виржин оливын тосыг төрөл бүрийн болгоогүй буюу түүхий хоолонд хэрэглэхэд тохиромжтой.


Оливын цэвэр тосны тухай (Pure Olive Oil)

Энгийн оливын тос гэгдэх энхэхүү тосыг pure olive oil болон simply olive oil гэсэн нэрээр нь танина. Цэвэршүүлсэн оливын тосны төрөл буюу боловсруулагдах явцад тодорхой хэмжээний химийн найрлага болон температурын нөлөө орсон байдаг.

Оливын цэвэр тос нь экстра виржин болон виржин оливын тосыг бодвол чанар багатай, цайвардуу өнгөтэй, амт нь саармагжсан, тосны хүчлийн хэмжээ нь 3-4% байна. Оливын энэ тосыг төрөл бүрийн болгосон хоолыг бэлтгэхэд хэрэглэнэ.

Оливын зөөлөн тос (Light Olive Oil)

"Light" гэх нэршил нь зарим нэг төөрөлдлийг үүсгэдэг. "Light" гэдэг нь калори багатай гэсэн санааг илэрхийлж буй биш харин илүү зөөлөн амттай болохыг нь илэрхийлсэн нэршил юм. Оливын зөөлөн тос нь цэвэршүүлсэн тос бөгөөд өндөр ууршилттай учир бүхий л төрлийн шарж хуурах, хайрж жигнэх хоолонд хэрэглэхэд тохиромжтой.

Оливын тосны эдгээр төрлүүдийг зориулалтаас нь өөрөөр хэрэглэх эсэх нь хэрэглэгчийн дур боловч ууршилтын хэмжээг санаж явахад илүүдэхгүй болов уу.


Аливаа хоол хүнс байгалийн цэвэр түүхий хэлбэрээрээ байхдаа хамгийн чанартай амин дэмтэй байдгийн баталгаа энэ болохыг та анзаарсан биз ээ. Хоолыг болгох тусам амин дэм, чанараа алддаг. Хүн байгалиасаа түүхий ногоо жимс, үр тариагаар хооллохоор заяагдсан гэж үздэг судалгаа ч бас байдаг. Дараа дараагийн нийтлэлээрээ түүхий ногоон хоол болон түүний ашиг тусын талаар мэдээлэл хүргэх болно.

Эх сурвалж: http://www.thekitchn.com

Monday, March 7, 2016

Шош, буурцгийг хэрэглэх ба соёолуулах арга


ШОШ БУУРЦГИЙН АЧ ТУС

Шош, буурцаг нь уураг, нийлмэл нүүрс ус, эслэг, антиоксидантууд болон фолийн хүчил, манган, кали, төмөр, фосфор, магни, молибден, зэс зэрэг амин дэм, эрдэс бодисоор баялаг.
Шош, сэвэг зарам, буурцагт ургамал нь уургаар нэн баялаг учир махыг орлуулан хэрэглэх боломжтой ба өөх тос багатай, ханасан болон транс тос, холестерол агуулдаггүй уургийн эх үүсвэр юм.

Америкийн хавдар судлалын нийгэмлэгээс хоногт 5-аас цөөнгүй нэгж жимс ногоо болон шош буурцгийг мах орлуулан хэрэглэж байхыг зөвлөсөн байдаг ба эдгээр биологийн идэвхит бодис агуулсан хүнс нь хорт хавдараас урьдчилан сэргийлэх ач тустай болохыг онцолжээ.

Шош, буурцаг нь дотроо олон төрөл байх ба тус бүртээ өөрийн гэсэн шинж чанартай, хүний биед өөр өөр нөлөө үзүүлдэг. Жишээлбэл:
Хүрэн шош - төмрөөр баялаг ба зүрх судас болон ой тогтоолтонд сайн
Ногоон шош - элэг цэвэрлэх, дотор халууныг дарах, хий шар бадганыг тэнцвэржүүлэхэд тустай
Хар шош - бөөрөнд онцгой сайн ба зүрх судас, мэдрэлийн тогтолцоо зэрэгт сайн.

Судлаачид шош буурцгийн тогтмол хэрэглээ нь зүрх судасны эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Шош, буурцганд агуулагдах нийлмэл нүүрс ус нь ходоод гэдсэнд боловсорч задарсны дараа цусан дахь сахарын түвшин нэмэгдэхэд нөлөө бага үзүүлэх учир чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд тустай. Мөн эслэгийн агууламж ихтэй учир биеийн бохирдлыг цэвэрлэх ач тустай.

ШОШ БУУРЦАГ ХЭРЭГЛЭХ АРГА

Сэвэг зарам (lentil) нь шошны төрлийн ургамал ба бусад шоштой харьцуулахад маш хурдан болдог. Шөлтэй хоол бэлдэхдээ сэвэг зарамаа эхлээд 10 минут орчим буцалгасны дараа бусад ногоогоо хийнэ. 2-р хоолонд хэрэглэхдээ эхлээд 25-30 минут буцалгаж болгосны дараа хэрэглэх ба аль ч хоолонд маш сайхан амт тэжээлийг нэмдэг.

Бусад төрлийн шош буурцгийг хэрэглэхдээ эхлээд хүйтэн усанд 8-10 цаг дэвтээж байлгасны дараа чанаж, буцалгаж, жигнэж хэрэглэнэ.


ШОШ БУУРЦГИЙГ СОЁОЛУУЛАХ АРГА

Сэвэг зарам болон бусад шошийг чанаж, болгож хэрэглэхээс гадна соёолуулж хэрэглэж болно. Мөн үр тариа, самар, будааг ч соёолуулж болдог. Ингэж соёолуулж хэрэглэхэд өөрт агуулагдах уураг, амин дэм нь хэд дахин өсдөг байна. Мөн биед шингэж боловсруулагдахад шаардлагатай ферментүүдийг маш их хэмжээгээр агуулдаг. Жишээлбэл улаан буудайн үрийг соёолуулахад түүнд агуулагдах B 12 амин дэм нь 4 дахин, бусад В төрлийн амин дэм нь 3-12 дахин, Е аминдэм 3 дахин, эслэгийн хэмжээ нь 3-4 дахин нэмэгддэг. Мөн биотин амин дэм 111%, фолийн хүчил 278%, Ц амин дэм 300 хувиар тус тус нэмэгддэг байна.


Бэлдэх зүйлс: шилэн сав, марал, торон шүүлтүүр, резин

Эхлээд шилэн савандаа шош, буурцгаа хийж хүйтэн усанд 8-10 цаг дэвтээнэ. Дэвтээсний дараагаар усыг нь шүүж асгаад дахин хүйтэн усаар зайлан торон шүүлтүүрээр амыг нь таглаад шүүж асгана. Ингэсний дараагаар шилэн саваа маралаар таглаж гадуур нь резинээр бэхлээд 75 градусаар налуулж салхи жаваргүй, гэрэл тусахаар газар тавина. Энэ үед илүүдэл ус чийг нь шүүгдэж гоожих тул доор нь ус тосохоор сав ивж өгөөрэй. Өдөрт 2 удаа буюу 8 цаг тутам хүйтэн усаар сойж байх хэрэгтэй. Ингэхэд тухайн шош төрлөөсөө хамаарч өөр өөр хугацаанд соёолж эхлэдэг. Тиймээс өөр өөр шош, үр тариаг хамт соёолуулахдаа нэг саванд биш өөр өөр саванд хийгээрэй. Нэгэнт соёолсон шош, үр тариа будаа нь шууд идэхэд бэлэн болох ба хөргөгчинд 7 хоног орчим хадгалж болно. 

Хялбар зааварчилгаа болгож видеогоор үзүүлснийг  доор хавсаргав. 

Анхаарах зүйл: Соёолуулах бүтээгдэхүүн нь органик байх хэрэгтэй ба тийм биш бол соёолуулах хэрэггүйг анхаарна уу.


Бичлэг: https://www.youtube.com/watch?v=-V6yNqep-9o

Иш татсан сурвалж: http://www.veg.mn/content/17


Wednesday, January 27, 2016

Усаар эмчлэхүй: Өглөө босонгуутаа ус уухын ач тус

Энэхүү эмчилгээний арга нь Японоос үүссэн гэдгийг ихэнх хүмүүс мэдэх билээ. Шинжлэх ухааны судлагаа нь бодит үр дүн өгөх аргыг боловсруулснаар энэхүү аргыг хичээнгүйлэн санал болгосон юм.
17 жилийн өмнө доктор Фэрэйдүн Бэтмэнгэлиж (Fereydoon Batmanghelidj) Иранд улс төрийн яллагдагчдад үйлчилгээ үзүүлдэг байжээ. Эмч хүний хувьд өвчнийг эмчлэх, намдаах нь түүний хамгийн сайн мэддэг зүйл байлаа. Гэвч түүнд мэргэжлийн ажиллах байр, багаж хэрэгсэл, эм тариа байхгүй байв. Харин ганц л зүйл байсан юм. Тэр бол ус.

Энэ хугацаанд тэрээр ходоод гэдэсний шархтай өвдөж зовж байсан 3000 хоригдлыг амжилттай эмчилж чадсан хэмээн мэдээллэгджээ. 

Тэгэхээр ус нь ямар ямар ашиг тусыг өгдөг вэ? Ус нь үе мөчний үрэвсэл, нурууны өвчин, толгой тархины өвчин, ангина, бүдүүн гэдэсний өвчин, багтраа өвчин, цусны өндөр даралт, холестерин зэргийг саармагжуулж мөн урьдчилан сэргийлдэг байна.


Ингээд усаар эмчлэх аргыг та бүхэндээ хүргэж байна.

1. Өглөө босонгуутаа 640мл буюу ойролцоогоор 4 стакан фторгүй ус ууна. Зайлшгүй нөхцөлд крантны ус уухаас аргагүй. Гэхдээ эрдэмтэд базилик ургамлаар усыг фторгүйжүүлэх аргыг саяхан нээсэн байна. Өөр арга гэвэл нэрмэл ус (хүнсний сода бүхий эрдэс нэмж усыг шүлтлэг болгоно) болон шүүсэн ус юм. Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй, хэтэрхий их ус уувал харин үхэх ч аюул үүсэж мэднэ. Хэрэв та өглөө бүтэн 4 стакан ууж барахааргүй санагдвал бага багаар дасгаад 4 стаканыг ууж чаддаг болоорой. Энэ бол хамгийн чухал агшин, учир нь та 8-12 цагийн турш юу ч идээгүй байгаа шүү дээ. Тиймээс хүмүүс үүнийг өлөн ходоод гэж нэрлэдэг.

2. Дараагаар нь шүдээ угаах ба 45 минутын хугацаанд юу ч идэхгүй бас уухгүй. Харин 45 минутын дараа юм идэж ууж болно.

3. Хооллохоосоо 30 минутын өмнө аяга ус ууж байгаарай. Харин хооллосноосоо хойш 2 цагийн дотор юу ч идэхгүй бас уухгүй.

4. Эрүүл мэнд тань сайжирч байгааг мэдрэхтун.

Японы Эрүүл Мэндийн Нийгэмлэгийнхэний гаргаснаар, 10 хоногийн эмчилгээ нь өтгөн хатах болон ходоод гэдэсний түгжрэлийг анагаана, 30 өдрийн эмчилгээ нь цусны өндөр даралтыг анагаана гэжээ.

Зарим хүмүүсийн хувьд шингэний дутагдал нь тийм ч түгээмэл тохиолдох өвчлөл биш гэж боддог байх. Гэвч энэ нь олон хэлбэрээр бий болдог. Шингэний дутагдал гэдэг нь ам цангах, толгой эргэх төдий мэдрэмж биш харин бие дэх шингэний бүрэн дүүрэн хэмжээний хэрэгцээ нь нөхөгдөхгүй байх явдал юм.


Эх сурвалж: http://themindunleashed.org



Wednesday, January 20, 2016

Монголчуудын хооллолтын чиг хандлага


Монголчууд хилмэгдүүлэлтийн үеэс өмнө хэдэн зуун нэр төрлийн ургамал, үр тариа тарьж хэрэглэдэг байсан гэдэг. 13-р зууны үеэсээ л хүчирхэг Монголчуудын төгс билиг оюунд нь хооллолтын нарийн ухаан багтсан байдгийг тэр үеийн гадны судлаач шинжээчид хүртэл ажиглалт хийж дүгнэсэн байдаг.

Харин өнөө үед тэрхүү агуу ухаан нь алдагдсанаас амьдралын хэв маяг, үзэл суртал, хооллолтын дэглэм нь хүртэл орвонгоороо эргэж өнөөгийн эрүүл бус нийгмийг цогцлоожээ. Кэмбрижийн Их Сургуулийн Фүмиаки Имамүра доктороор ахлуулсан дэлхийн судлаачдын гаргасан "Хамгийн эрүүл хоолтой улс үндэстэн" судалгаагаар 187 орны хүн амын хооллолтыг сүүлийн 20 гаруй жилийн турш судласан дүгнэлтээр Монгол улс эрүүл бус хооллодог улсуудын жагсаалтанд 3-т бичигдсэн байна. Энэ бол бид эртний өвөг дээдсийнхээ уламжлалыг алдсаны батлагаа юм.

Монголчуудын дундаж наслалт болоод нас баралтын гол шалтгаан, нийтлэг өвчлөлүүдийг авч үзэхэд дийлэнх нь буруу хооллолтоос үүдсэн байдаг. Харин амь нас, эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэйг ойлгосон хүмүүс эрүүл зөв хооллолтыг чухалчилдаг болсон нь сайшаалтай. Мөн цахим сүлжээгээр дамжуулж хоол зүйн талаарх мэдээллүүдийг их бага хэмжээгээр олж авч амьдрал ахуйдаа хэрэгжүүлж байгаа нь цахим сүлжээний бидэнд олгож байгаа нэгэн том давуу тал юм.

Олон нийтийн фэйсбүүк сүлжээ дахь "Хооллохуйн Шинжлэх Ухаан" пэйж хуудсаа нээгээд төд удалгүй хэдэн мянган хандалт авсан нь Монголчууд хооллолтонд хичнээн их анхаардаг болсны нэгэн илрэл юм. Фэйсбүүк хуудас болоод, энэхүү вэб хуудсаараа дамжуулж бид амьдралдаа хэрэгжүүлэхэд энгийн хялбар хоол зүйн шинжлэх ухаанч мэдээллүүдийг хүргэх болно.