Оливын (чидун жимс) тос нь оливын төрлөөсөө бус боловсруулах аргаасаа шалтгаалж өөр өөр төрөлтэй байдаг.
Та ажигласан бол ихэнх "extra virgin" буюу оливын онцгой цэвэр тос нь гүн өнгөтэй байдаг бол энгийн оливын тос нь цайвар өнгөтэй байгаа. Өнгөний энэ ялгаа нь тосны өөр өөр үйлдвэрүүдээс хамаарах нь бий ч мөн төөрөлдүүлэх гэсэн оролдлого ч байж болно. Тиймээс та тосоо өнгөөр нь ялгаж сонгохыг бүү урьтал болгоорой.
Цэвэршүүлсэн болон цэвэршүүлээгүй оливын тос (Refined & Unrefined Olive Oil)
Оливын тос нь цэвэршүүлсэн ба цэвэршүүлээгүй гэсэн үндсэн 2 төрөлтэй. Цэвэршүүлээгүй тос нь ямар нэг өнгө үнэр амт нэмээгүй буюу өөрийн цэвэр чанараа хадгалсан байдаг бол цэвэршүүлсэн тос нь халуун шахалтаар боловсруулагдсан ба цайруулагдсан, үнэр нэмэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл цэвэршүүлсэн оливын тос нь өөрийн өнгө, үнэр, амтаа алдсан буюу цэвэр оливын тосны маш бага концентраци агуулагддаг гэсэн үг юм.
Цэвэршүүлсэн тос нь цэвэршүүлээгүйгээсээ ялгагдах нэг гол зүйл бол оливын тосны онцлог болох хэт исэлдлийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ дутмаг байдаг.
Экстра виржин оливын тосны тухай (Extra Virgin Olive Oil)
"Extra virgin" оливын тос нь цэвэршүүлээгүй тос бөгөөд хамгийн дээд чанарын тос юм. "Extra virgin" зэрэглэлийн тос гаргахын тулд тодорхой стандартыг хангасан байдаг. Ийм тосыг гаргаж авах явцад оливын жинхэнэ амтыг хадгалсан байх ба бусад тосыг бодвол харьцангуй бага тосны хүчил агуулагдсан байна. Мөн чидун жимсэнд байх байгалийн амин дэм болон эрдэс бодис илүүтэй агуулагдана.
"Extra virgin" цэвэршүүлээгүй оливын тос нь ямар нэг химийн найрлагагүй мөн температурын өөрчлөлтөнд ороогүй буюу хүйтэн шахалтын аргаар гаргаж авсан тос юм. Тосны хүчлийн хэмжээ нь 1%-иас илүүгүй байх ба ерөнхийдөө алтлаг ногоон өнгөтэй байдаг.
"Extra virgin" оливын тос нь бага ууршилттай байдаг тул хоолонд хэрэглэхдээ маш бага хэмээр халаах хэрэгтэй. Хүйтэн зууш, сүмс, соусанд хийх талханд дүрэх зэргээр тухайн тосны үнэ цэнэтэй чанарыг нь хэвээр хадгалан хэрэглэвэл туйлын сайн. Харин халаах, шарахад хэрэглэвэл үнэ чанар нь багасна.
Виржин оливын тосны тухай (Virgin Olive Oil)
Чанараараа дараагийн зэрэглэлд орох тос нь виржин оливын тос юм. Цэвэршүүлээгүй энэхүү тосыг дээр дурьдсан экстра виржин оливын тосны адилаар гаргаж авдаг ба мөн адил химийн найрлага, температурын нөлөө ороогүй байдаг. Экстра виржин тосоо бодвол арай их тосны хүчил агуулсан мөн чидун жимсний хурц амт нь арай бага байна. Энэ тос нь худалдааны төвүүдээр тэр болгон таараад байдаггүй, ховор тохиолдоно.
Экстра виржин болон виржин оливын тосыг төрөл бүрийн болгоогүй буюу түүхий хоолонд хэрэглэхэд тохиромжтой.
Оливын цэвэр тосны тухай (Pure Olive Oil)
Энгийн оливын тос гэгдэх энхэхүү тосыг pure olive oil болон simply olive oil гэсэн нэрээр нь танина. Цэвэршүүлсэн оливын тосны төрөл буюу боловсруулагдах явцад тодорхой хэмжээний химийн найрлага болон температурын нөлөө орсон байдаг.
Оливын цэвэр тос нь экстра виржин болон виржин оливын тосыг бодвол чанар багатай, цайвардуу өнгөтэй, амт нь саармагжсан, тосны хүчлийн хэмжээ нь 3-4% байна. Оливын энэ тосыг төрөл бүрийн болгосон хоолыг бэлтгэхэд хэрэглэнэ.
Оливын зөөлөн тос (Light Olive Oil)
"Light" гэх нэршил нь зарим нэг төөрөлдлийг үүсгэдэг. "Light" гэдэг нь калори багатай гэсэн санааг илэрхийлж буй биш харин илүү зөөлөн амттай болохыг нь илэрхийлсэн нэршил юм. Оливын зөөлөн тос нь цэвэршүүлсэн тос бөгөөд өндөр ууршилттай учир бүхий л төрлийн шарж хуурах, хайрж жигнэх хоолонд хэрэглэхэд тохиромжтой.
Оливын тосны эдгээр төрлүүдийг зориулалтаас нь өөрөөр хэрэглэх эсэх нь хэрэглэгчийн дур боловч ууршилтын хэмжээг санаж явахад илүүдэхгүй болов уу.
Аливаа хоол хүнс байгалийн цэвэр түүхий хэлбэрээрээ байхдаа хамгийн чанартай амин дэмтэй байдгийн баталгаа энэ болохыг та анзаарсан биз ээ. Хоолыг болгох тусам амин дэм, чанараа алддаг. Хүн байгалиасаа түүхий ногоо жимс, үр тариагаар хооллохоор заяагдсан гэж үздэг судалгаа ч бас байдаг. Дараа дараагийн нийтлэлээрээ түүхий ногоон хоол болон түүний ашиг тусын талаар мэдээлэл хүргэх болно.
Эх сурвалж: http://www.thekitchn.com
Эх сурвалж: http://www.thekitchn.com